Томуугийн үндэсний төв

Амьсгалын замын риновирүст халдвар

Риновирүсээр үүсгэгдсэн амьсгалын замын цочмог халдварт өвчин. Өвчин хамраас ихээр шингэн нус гарах, хоолой загатнах, бага зэргийн хордлогын хамшинжээр илэрдэг. Намар, хаврын улиралд идэвхжил нэмэгдэж, нийт амьсгалын замын цочмог халдварын үүсгэгчийн бүтцэнд 30-50%-ийг эзэлдэг байна.

Үүсгэгчийн бүтэц

Риновирүс нь пикорнавиридагийн овогт багтдаг. Вирүс нь бүрхүүлгүй учир гадаад орчинд тэсвэр муутай. Бичил биетийн амьдрахад таатай хэм нь 33-35 градус. 37-оос дээш хэмд вирүсийн үржил зогсоно. Үүгээр риновирүсийн хамар хоолойг гэмтээх чадвартай нь тайлбарлагдана. Учир нь амьсгалын доод замаас хамрын хөндий доторхи хэм бага байдагтай холбоотой.

Халдвар нь агаар дусал, ахуйн хавьтлын замаар дамжина.

Халдварын эх уурхай нь вирүс тээгч эсвэл өвчтөн. Өвчний эхний шинж тэмдэг эхлэхээс өмнөх хоногт халдварт өртсөн хүн бусдад халдвар тараах чадвартай болно. Өвчний 2-3 дахь хоногт, хамрын шингэнд вирүсийн хэмжээ хамгийн их хэмжээнд хүрч, хамгийн их халдвартай байна. Халдвар хамрын хөндийн салст бүрхүүлээр нэвтрэн орно. Вирүс салст бүрхүүлийн эпител эс дотор үрждэг. Вирүсийн идэвхжил нь хэсэг газрын үрэвслийн хариу урвал үзүүлдэг.

Үрэвслийн эмгэг жамд 3 хэсэг чухал үүрэгтэй:

1. Салст бүрхүүл хавагнах, хөөх
2. Цусны судас өргөсөх
3. Бокало хэлбэрийн эсээр шингэн (секрец) ялгарах явц нэмэгдэх 

Риновирүст халдварт бүх хүмүүс өртөнө. Халдварт өртсөний дараа хэв шинж өвөрмөц сул дархлаа 2 жил орчим хугацаанд тогтдог. Гэхдээ риновирүсийн 110 гаруй серотип байх тул хүн жилд риновирүст халдвараар хэд хэдэн удаа өвчлөх магадлалтай. Риновирүст халдвар нь жилийн турш бүртгэгдэж, хавар, өвлийн улиралд оргил үедээ хүрдэг.

Илрэх шинж тэмдэг:

Өвчний нууц үеийн хугацаа 1-5, дунджаар 2-3 хоног байна. Өвчин чичрүүдэс хүрэх, бие тавгүйрхэх, биеийн хэм 37-37.5-д хүрч, цочмог эхэлнэ. Хамар битүүрсний улмаас амьсгалахад бэрхшээлтэй болох улмаар хамрын ойр орчим, духны хэсгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ.

Хамраас их хэмжээгээр цайвар шингэн нус гарах нь нусны алчуурыг байнга солиход хүргэдэг байна. Улмаар байнга арчиж, цэвэрлэснээс хамрын арьс үрэвсэж, хуурайшиж, холцруутна. Удалгүй хамраас гарах шингэн нус цайвар, салсттай болдог. Хамрын шингэн нь тунгалаг өнгөтэй байх бөгөөд нянгийн халдвар авсан тохиолдолд шар ногоон өнгөтэй болно.

Хамрын ханиаднаас гадна хоолой хуурайших, загатнах, заримдаа өвдөх шинж тэмдэг илэрнэ. Зарим нэг өвчтөнд бага зэрэг нүдний салст үрэвсэх, нулимс гарах, ам, эрүүний хэсэгт цэврүүт тууралт гарч болно.

Риновирүст халдварын үед хордлогын хам шинж тэмдэг сул байна. Биеийн хэм 37-37.5-д байж, цөөн тохиолдолд 38 хэм хүрч болно. Ихэнх өвчтөнд биеийн хэм хэвийн хэмжээнд байна.

Насанд хүрэгсдэд халдвар дунджаар 7-10 хоног хөнгөн хэлбэрээр явагдах боловч хамрын ханиад 2 долоо хоног үргэлжилж болно.

Харин хүүхдүүдэд биеийн хэм 38-39-д хүрч, биеийн архаг халдварын голомт идэвхжих, нянгийн халдварт өртсөний улмаас хүндрэлд хүрч болох талтай.

Гарч болох хүндрэлүүд:

• Эрт үеийн (отит, синусит) – өвчний 4-5 дахь өдрүүдэд;
• Хожуу үеийн (хатгалгаа, менингит, хөхний булчирхайн үрэвсэл). 

Хамар хоолойн салст бүрхүүл хавагнаж, хөөснөөр отит (дунд чихний үрэвсэл), синусит (хамрын нэг эсвэл хэд хэдэн дамжуулагч таславч хөндийн салст бүрхүүлийн үрэвсэл)-ийг үүсгэдэг.

Эмчилгээ:

Риновирүст халдвартай өвчтөнүүд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Гэрийн дэглэм сахиж, шим, тэжээлтэй хоол идэж, шингэн зүйл ихээр уух хэрэгтэй.

Томуугаас бусад амьсгалын замын цочмог вирүсийн гаралтай халдварын үед үүсгэгчийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй.

Амьсгалахад бэрхшээлтэй байдлыг багасгах зорилгоор судас нарийсгах үйлчилгээтэй хамрын дусаалга хэрэглэж болно. Дусаалгыг 7 хоногоос дээш хугацаанд хэрэглэж болохгүй.

Дусаалганы оронд давсны уусмал хэрэглэж болно. Амны халбага далайн болон хоолны давсыг 500 мл буцалсан усанд найруулна. Уусмалыг хошуутай хуванцар саванд бэлтгэн, хамрын хөндийг ээлжлэн угааж болно.

Хамар угаах техник:

Салст бүрхүүлийн хаванг багасгах зорилгоор антигистамины бэлдмэл хэрэглэж болно.

Хэрвээ хүүхэд 38,5 хэмээс дээш өндөр халуурвал халуун бууруулах эм хэрэглэнэ.

Антибиотикийг нянгийн халдвар, хүндрэл гарсан тохиолдолд хэрэглэх заалттай.

Урьдчилан сэргийлэлт:

Өвөрмөц сэргийлэлт байхгүй. Яаралтай урьдчилсан сэргийлэлт хийх шаардлагатай бол интерфероныг хамарт дусаах, оксолины тосон түрхлэгийг хамрын үүдэвчинд түрхэж болно.

Нийтийн унаа, олон нийтийн газар явсан бол гараа угаах, бохирдсон гараар нүүр, нүдэндээ хүрэхгүй байх нь амьсгалын замын цочмог вирүст халдвараас өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой.

Эхийг http://okeydoc.ru/rinovirusnaya-infekciya-simptomy-i-lechenie/  хуудаснаас үзнэ үү.