Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад өгөх зөвлөмж
Хүйтний эрч чангарч, улсын хэмжээнд 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар амбулаториор үйлчлүүлэгсдийн 9-10% нь ТТӨ-тэй гэж оношлогдон, түргэн тусламжийн дуудлагын тоо нэмэгдэж, эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын нэгжүүдэд АЗХХ-тай хэвтэн эмчлүүлэгсдийн хувь нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор 18-20%-тай байна.
2014 оны 50 дугаар долоо хоногоос эхлэн Улаанбаатар хотын харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцонд томуугийн А (H3N2) дэд хэвшинжийн вирүс илэрч, томуугийн дэгдэлт эхэлснийг анхааруулж байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч мэргэжилтнүүдэд зөвлөмж болгож байна.
- ХӨСҮТ, ТҮТ-ийн www.flu.mn вэб хуудсанд 7 хоног тутам шинэчлэн гаргадаг, түүнчлэн аймаг, дүүргийн халдвар судлагч болон удирдлагуудын е-майл хаягаар эргэн мэдээлдэг томуу, томуу төст өвчний өвчлөлийн дүн мэдээтэй тогтмол танилцах,
- Томуугаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллах байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг идэвхжүүлэн ажиллах,
- ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалын зааврыг мөрдөн, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах,
- Шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн ажилтнуудад томуу, амьсгалын замын халдварын эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, тандалт, мэдээллийн талаар сургалт зохион байгуулах,
- Вирүсийн эсрэг тамифлю эмийн нөөцтэй байж, өвчтөний биеийн байдлыг үнэлж, аль болох эрт эмчилгээнд хэрэглэх,
- Орны нягтрал ихсэхтэй холбогдуулан орны хөдөлгөөний зохицуулалтыг хийх, нөөцийн тасгийг бэлэн байлгах,
- Халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах,
- Гэрийн үзлэг эргэлтийг нэмэгдүүлэх, эмнэлэгт үзүүлэхээр бөөгнөрөл үүсэх, хэвтэлтийн тоо хэтрэлтээс сэргийлэх,
- Батлагдсан хуваарийн дагуу 7 хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулагддаг аудио хуралд аймаг, дүүргийн амбулатори, эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын нэгжүүд идэвхтэй оролцож, эпидемиологи, вирүс судлал, клиникийн чиглэлээр мэдээ, мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлын талаар санал солилцон ажиллах,
- “Томуугаас сэргийлье” сэдвээр хэвлэл мэдээлэл, телевизээр сургалт сурталчилгаа явуулахыг тус тус зөвлөж байна.