Пагважавын НЯМДАВАА
ТҮТ-ийн зөвлөх, АНУ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн удирдагч (2004 оноос). Хүний их эмч (Улаанбаатар хотын АУИС-ийн эмчилгээний факультетийг 1971 онд төгссөн), анагаах ухааны доктор (1977), анагаахын шинжлэх ухааны доктор (1987-1989 онд ЗХУ-ын Анагаах ухааны академийн Москва хот дахь Д.И.Ивановскийн нэрэмжит Вирүс судлалын хүрээлэнд эчнээ докторантурт суралцан хамгаалсан), профессор (1997). 770 гаруй бүтээл нийтлүүлсний дотор олон улсын олон нийтийн хяналттай (peer-reviewed) сэтгүүлд хэвлүүлсэн 38эрдэм шинжилгээний бүтээлтэй, түүнээс нь одоогоор 850 гаруй судлаачид иш татсан байна(Google Scholar).
1971-1974 онд АУДС-д багшаар, 1974-1977 онд БНАГУ-ын Берлин хот дахь Хумбольдтын нэрэмжит Их сургуульд аспирантаар, 1974-1977 онд ЭМЯ-ны Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын инститүтийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлаар,1978-1987 онд БНМАУ-ын ЭХЯ-нд орлогч сайд, улсын ариун цэврийн ерөнхий байцаагчаар, 1987-1996, 2000-2004 Монгол улсын Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайдаар, 1997-2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан. 2000-2004 онд Монгол улсын Их хурлын гишүүнээр сонгогдсон. Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан (2007), Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан (1996), Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (2001), АНУ-ын Нью Йоркийн шинжлэх ухааны академийн гишүүн (1984), Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүн (1991), Монголын анагаах ухааны академийн үндэслэгч ерөнхийлөгч (2005), Тайландын Рангситын Их сургуулийн хүндэт доктор (1995), Монгол улсын Анагаах ухааны их сургуулийн хүндэт доктор (2001).