ТОМУУ (INFLUENZA)
Халуурах, толгой өвдөх, булчин шархирах, ядрах, хамар тагжрах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинжээр илэрдэг, амьсгалын замын вирүст цочмог халдвар. Ханиалгах нь илүү хүнд явцтай, удаан үргэлжлэх хандлагатай. Бусад шинж тэмдэг нь ихэнх тохиолдолд 2-7 хоногийн дотор өөрөө илааршдаг. Алаг цоог өвчлөлийг нь вирүс судлалын шинжилгээгээр л баталгаажуулах боломжтой бөгөөд дэгдэлт болж буйг голдуу эпидемиологийн төрхөөр нь л тодорхойлдог. Тиймээс томууг эмнэлзүйн төрхөөр нь амьсгалын замын вирүст бусад цочмог халдвараас ялгахад төвөгтэй. Дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын шинж тэмдэг илрэх нь ерөнхийдөө ховор боловч, сургуулийн насныхны дунд дэгдсэн томуугийн В, болон А(H1N1) вирүсийн халдварын үед өвчлөгсөдийн 25% хүртэл хувьд нь хоол боловсруулах замын шинж бүртгэгдэж байсан тохиолдол бий. 
 
Томуугийн жил бүрийн дэгдэлт нь богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, ноцтой хүндрэл, ялангуяа уушгины үрэвсэлд хүргэдгээрээ нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудал болдог. Түүнээс гадна томуугийн вирүсийн гадаргуугийн эсрэгтөрөгчийн хувьсал нь Дэлхий нийтийг хамарсан цартахал (1918, 1957, 1968 оны пандеми) үүсгэж, олон сая (1918 онд тухайлбал, 50 сая гаруй хүн томуугаар эндсэн гэж тооцдог) хүний амь насанд хүрдэг аюултай. Томуугийн жил бүрийн дэгдэлтийн үед гарах эндэгдэл нь өндөр настан, зүрх, уушги, бөөр, бодисын солилцооны архаг хууч өвчтэй, дархлааны дуталтай хүмүүст голчлон тохиолддог. Жилийн тухайн цаг, улиралд бүртгэгддэг олон жилийн дундаж эндэгдлээс томуугийн улмаас давсан эндэглэл (excess mortality - нэмэлт эндэгдэл) нь томуугийн вирүсийн төрхөөс хамаардаг. Ер нь томуугаас улбаалан нэмэгдэх эндэгдэл дэлхийн хэмжээнд жил бүр ойролцоогоор нэг сая хүрдэг гэж тооцдог. Томуугийн ихэнх дэгдэлтийн үед нас барагсадын 80-90% нь 65-аас дээш насныхан байдаг. Харин 1918 оны цартахлын үед идэр насныхан илүү эндсэн байна. Амьсгалын замын вирүст цочмог халдварын үед эмчилгээнд салицилатын бүлгийн эм хэрэглэх нь ТМС, элэгний гэмтэл хавсарсан Рейн хамшинж (Reye syndrome) хэмээх ховор тохиолдох хүндрэлд хүргэх нь бий.
 
Аж үйлдвэржсэн орнуудад томуугийн эпидемиологийн төрх харьцангуй сайн судлагдсан боловч, хөгжиж буй орнууд дахь энэ өвчний тухай мэдээлэл хомс хэвээр байсаар байна. Африк тивийн зарим оронд ойрмогхон бүртгэгдсэн томуугийн томоохон дэгдэлтүүд, Тайландад хийсэн судалгаа нь томуу өвчний эрүүл мэндийн болон нийгмийн үр дагавар нь хөгжиж буй орнуудад аж үйлдвэржсэн орнуудынхаас нэг их ялгаагүй юм байна гэсэн дүгнэлт хийх бололцоог бидэнд өгч байна. Өвчний эхэн үед хамар, залгиураас авсан арчдаснаас эсийн өсгөвөр болон тахианы үр хөврөлд вирүс ялгах, мөн сорьцонд вирүсийн эсрэгтөрөгч (ИФМ, ФХУ, болон бусад хурдавчилсан аргаар) юм уу, вирүс өвөрмөц нүклейн хүчил илрүүлэх аргаар томуугийн оношийг баталгаажуулдаг. Мөн томуугийн тодорхой вирүсийн эсрэгбиеийн таньцыг хос ийлдсэнд тодорхойлох (эсрэгбиеийн таньцын зөрөөгөөр) өвчний вирүс судлалын оношийг тавьдаг.
 
ХӨХЛ 18: 428-429