А бүлгийн (ветта цус задлагч) стрептококкоор сэдээгдэх стрептококкт өвчнүүд
(streptococcal diseases caused by group a [beta hemolytic] streptococci) 
ICD-9 034, 035, 670; ICD-10 A49.1, J02.0, A38, L01.0, A46, 085 (Стрептококкт ангина, Стрептококкт халдвар, Улаан эсэргэнэ, Импетиго, Ёлом, Төрсний дараах үеийн халуурал, Ревматизм [Хэрлэг, Хэрэх өвчин])
 
А бүлгийн стрептококкууд нь олон төрлийн өвчин үүсгэдэг. Хамгийн түгээмэл тохиолдох эмгэгт стрептококкийн гаралтай фарингит/тонзиллит (хоолойн ангина) (ICD-10 J02.0), стрептококкийн гаралтай арьсны халдвар (импетиго буюу пиодерми) багтана. Стрептококкоор үүсгэгдэх бусад өвчин эмгэгүүдэд улаан эсэргэнэ (ICD- 9 034.1/ ICD-10 A38), төрсний дараах үеийн халууралт (ICD-9 670/ ICD- 10 085), септицеми, ёлом, целлюлит, мастоидит, дунд чихний үрэвсэл, хатгалгаа, перитонит, шархны халдварууд ховор тохиолдолд үхжилт фасцит, хэрх өвчин, хордлогот шок-төст хамшинж тус тус багтана. Дэгдэлтийн үед эмнэлзүйн аль нэг хэлбэр нь давамгайлан тохиолдоно.
 
Өвчний шинж тэмдэг үл мэдэг эсвэл бүр огт илрэхгүй ч байж болно. Стрептококкт ангины үед гэнэт халуурч, шүүдэст фарингит ба тонзиллит (ангина) болж, хүзүүний урд ханын тунгалгийн зангилаа томорч хөндүүрлэнэ. Залгиур хоолой, гүйлсэн булчирхай, зөөлөн тагнай улайж хөөнгөтөн, нэлэнхүйдээ улайсан фон дээр цэгчилсэн цус харвалт үүснэ. Ангинатай зэрэгцээд эсвэл түүний дараа дунд чих үрэвсэх, гүйлсэн булчирхайн ойролцоох эдэд буглаа үүсч болохоос гадна цочмог гломерулонефрит (1-5 долоо хоног, дунджаар 10 хоног) эсвэл хэрх өвчин (дунджаар 19 хоног) үүсэж болно.
 
Стрептококкийн цочмог халдвараар өвдсөнөөс хойш хэдэн хоногоос хэдэн долоо хоногийн дараа зүрхний (хавхлагийн) хэрх, хэдэн сарын дараа Сэдегхам хореа тус тус тохиолдож болно. Стрептококкоор үүсгэгдэх арьсны халдвар (пиодерми, импетиго) нь өнгөц байрлалтай байх бөгөөд өвчин цэврүүт, идээт, тав тогтох гэсэн үе шатуудыг дамжин явагддаг. Улаан-эсэргэнэ төст тууралт ховор тохиолдох бөгөөд хэрх өвчин нь төдий л их үлдэц үлдээдэггүй, гэхдээ хожим буюу арьсны халдвараас хойш 3 долоо хоногийн дараа гломерулонефрит үүсч болох талтай.
 
Улаан эсэргэнэ нь арьсан дээр тууралт гарах шинжээр илэрдэг стрептококкоор үүсгэгддэг өвчин юм. Нянгийн ялгаруулсан халууруулагч гадар хор (эритрогенный токсин)-ын эсрэг дархлаа байхгүй хүн хоронд мэдрэгжсэнээс энэ өвчин үүснэ. Стрептококкийн гаралтай хоолойн ангина (эсвэл стрептококкийн гаралтай арьс, шарх, төрсний дараах халдвар)-ын үед гардаг шинж тэмдгүүдээс гадна энантим, гүзээлзгэнэн хэл, эксантим тус тус илэрнэ. Цэгчилсэн, тод улаан тууралт нь дарахад арилах бөгөөд нүдээр харахаас илүүтэйгээр гараар тэмтэрвэл мэдрэгдэнэ, ихэвчлэн хүзүү, цээж, суганы хуниас, тохой, цавь, гуяны дотор хэсгээр байрласан байна.
 
Улаан эсэргэнэ өвчний үед нүүрний хэсэгт тууралт гардаггүй хэдий ч хацар улайн, амны эргэн тойрон цайрч зэвхийрэх тохиолдол бас бий. Халдвар хүндэрвэл өндөр халуурах, дотор муухайрах, бөөлжих шинжүүд илэрнэ. Өвчний эдгэрлийн шатанд гар, хөлийн хурууны үзүүр хэсгийн арьс хогжруутаж, алга, тавхай болон мөчид, их биеийн арьс хогжруутах бөгөөд энэ нь эксантим нилээд хүнд явцтай явагдсан үед тохиолдоно. Дэлхийн зарим улс оронд нас баралтын үзүүлэлт 3% хүртэл хэмжээнд өндөр байдаг. Стрептококкоор үүсгэгдэх хоолойн ангина өвчний үед үүсэх үлдэц скарлит халууралтын үед үлдэж болно.
 
Ёлом нь халууралт, бие махбодийн зүгээс илрэх шинж тэмдэг, лейкоцитозоор илэрдэг цочмог целлюлит юм. Арьс хөндүүрлэн улайж, хавагнах бөгөөд тэр нь энгийн нүдэнд үзэгдэх хүрээ үүсгэсэн байна. Арьсан дээрх өөрчлөлт зах хязгаар луу хүрээгээ тэлэхийн хирээр анх гарсан хэсэг эдгэрч, хэвийн болох хандлагатай. Нүүр ба хөл зонхилон өртөнө. Өвчин дахих нь олонтаа тохиолдоно. Ихэвчлэн эмгэтэйчүүд өвчлөх бөгөөд ялангуяа биеийн тамир тэнхээ дорой өвчтөнд өвчин хүнд явцтай явагдаж бактериемитэй хавсрах нь бий. Биеийн аль хэсэг өртсөн болон өөр бусад өвчин хавсарсан эсэхээс тус тус шалтгаалан нас баралтын үзүүлэлт харилцан адилгүй байна. А бүлгийн стрептококкоор үүсгэгдсэн ёлом өвчнийг Erysipelothrix rbusiopathiaeр үүсгэгдэх гахай ёломоос ялган оношилно. Сүүлчийн нэр дурдсан халдвар нь арьсны байршмал халдвар бөгөөд цэнгэг усны загас, дун хясаа, халдвар авсан хун, цацагт хяруул, ховор тохиолдолд хонь, үхэр, тахиа, гургуул зэрэг амьтадтай харьцаж ажилладаг хүмүүст ажил мэргэжлийн онцлогтой холбоотойгоор үүсдэг.
 
А бүлгийн стрептококкоор үүсгэгдэх, хошного орчмын целлюлит өвчин сүүлийн жилүүдэд их тохиолддог болоод байна.
 
Стрептококкоор үүсгэгдэх төрсний дараах халууралт нь халуурах, нян бэлгийн замд нэвтрэн орсныг илтгэх байршмал болон ерөнхий шинж тэмдэг/хамшинжээр илэрдэг цочмог өвчин бөгөөд зарим үед төрөлт болон абортын дараа нян цусны урсгалд нэвтрэн орсонтой холбоотой үүсч болно. Өвчнийг цаг алдалгүй, оновчтой эмчилбэл нас баралтын үзүүлэлт бага байна. Цус задлагч стрептококкуудаас гадна өөр төрлийн нян төрсний дараах халдварыг үүсгэж болно, тэдгээрийн эмнэлзүйн илрэл нь яг ижил боловч нян судлал, тархвар зүйн байдал нь өөр хоорондоо ялгаатай (Стафилококкт халдвар бүлгийг үзнэ үү).
 
А бүлгийн стрептококкт халдвартай өвчтөнд хордлогот шокын хамшинж (ХШХ) илрэх явдал 1987 оноос хойш эрс нэмэгдсэн. Эмнэлзүйн гол илрэл нь даралт буурах болон дараах шинжүүдийн аль нэг илэрнэ: бөөрний дутмагшил, тромбоцитопени, судасны тархмал хамшинж (ДВС), билирубин ихсэх, насанд хүрэгсдийн амьсгал дутлын хамшинж, том толбот тархмал тууралт буюу зөөлөн эдийн үхшил (үжшилт фасцит). А бүлгийн стрептококкийн байршмал (хоолой, арьс, уушги) ба тархмал халдварын улмаас ХШХ үүсч болно.
 
Бусад бүлгийн стрептококкууд ч мөн хүний бие махбодид өвчин үүсгэнэ. Эмэгтэй хүний үтрээнд байршсан В бүлгийн цус задлагч стрептококк нь нярайн үжил, идээт менингит (“В бүлгийн стрептококкоор үүсгэгдэх нярайн халдварууд” бүлгийг үзнэ үү)- ээс гадна шээсний замын халдвар, төрсний дараах эндометрит болон насанд хүрэгсэд (ялангуяа чихрийн шижин өвчтэй хүмүүс)- д тохиолдох бусад өвчнүүдийг үүсгэдэг. Д бүлгийн цус задалдаг ба задалдаггүй стрептококкууд (энтерококк зэрэг) нь нянгийн гаралтай эндокардит, шээсний замын халдварыг үүсгэнэ. C ба G бүлгийн стрептококкууд нь зонхилон хоол хүнсээр дамжин тархдаг стрептококкт тонзиллитын дэгдэлтийн шалтгаан болдог; өвчлөлийн алаг цоог тархалтанд дээрх нянгуудын гүйцэтгэх үүрэг төдийлөн сайн судлагдаагүй байна. С бүлгийн стрептококкт халдварын дараа гломерулонефрит үүсэх бөгөөд харин G бүлгийн стрептококкт халдварын дараа гломерулонефрит үүсэх нь маш ховор тохиолддог, дээрх 2 бүлгийн нянгийн аль нь ч хэрх өвчнийг үүсгэхгүй. С ба G бүлгийн стрептококкт халдварууд нь өсвөр насныхан болон залуучуудад зонхилон тохиолдоно. Альфа-цус задлагч стрептококкууд нь нянгийн гаралтай эндокардитын үндсэн шалтгаан болдог.
 
Гэмтсэн эдээс авсан шинжлэгдэхүүнийг цустай агар болон бусад тэжээлт орчин дээр өсгөвөрлөн ялгаж авах, эсвэл залгиурын шүүрэлд А бүлгийн стрептококкийн антигенийг илрүүлэх (антигенийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур) зэрэг нь А бүлгийн стретпококкт халдвар гэсэн лабораторийн урьдчилсан онош тавих үндэслэл болно. Өсгөвөрт ургасан стрептококкийг колоний хэлбэр зүй, хонины цустай агар дээр үүсгэсэн бетта-цус задлалтын тод хүрээгээр нь тус тус ялган тодорхойлно. Бацитрацин (0.02-0.04 нэгж) агуулсан антибиотикийн дискэнд колоний ургалт дарангуйлагдаж байвал урьдчилсан ялган дүйлт болно. Харин өвөрмөц ийлдэс хүрээг тодорхойлох шинжилгээ нь эцсийн ялган дүйлт байх болно. Антиген илрүүлэх сорил нь үүсгэгчийг богино хугацаанд оношлох боломж олгоно, энэ сорил нь ийлдсэн дэх эсрэгбие (антистрептолизин О, антигиалуронидаза, анти-ДНК-аза В)- ийн таньц өвчний цочмог ба эдгэрлийн үе шатуудад ихсэх үзэгдэл дээр тулгуурладаг, хэдэн сарын туршид таньц өндөр байж болно.
 
АНУ-д одоо мөрдөж буй журам ёсоор бол эхлээд антиген илрүүлэх сорил (өвөрмөц чанар ихтэй боловч мэдрэг чанар багатай) тавьж, хэрэв сорил эерэг гарвал А бүлгийн стрептококкт халдвар хэмээн үзнэ. Харин сорил сөрөг эсвэл эргэлзээтэй гарвал эмчилгээний тактик боловсруулах, буруу антибиотикоор эмчлэхээс сэргийлэх зорилгоор хоолойн арсдасыг нь авч өсгөвөрлөн шинжилнэ.