Өвчнийг мэдээлэх (report of a disease)
Хүн, амьтны тодорхой халдварт болон бусад өвчний тохиолдлыг засаг захиргааны холбогдох албадад мэдэгдэх тогтолцоо. Хүний халдварт өвчний тохиолдлыг орон нутгийн эрүүл мэндийн албанд, амьтны халдварт өвчний тохиолдлыг мал эмнэлгийн буюу хөдөө аж ахуйн албанд, мал амьтнаас хүнд халдварлан тархдаг өвчний тохиолдлыг бол энэ хоёр албаны аль алинд мэдээлдэг. Улс орон бүрийн эрүүл мэндийн алба нь өөрийн улсын онцлогт тохируулан мэдээлбэл зохих халдварт өвчний жагсаалт батлан мөрдүүлдэг (“Халдварт өвчнийг мэдээлэх” гэсэн хэсгээс тодруулан үзнэ үү). Яаралтай хязгаарлах арга хэмжээ, эпидемиологийн судалгаа шаарддаг зарим халдварт өвчний тухайд бол сэжигтэй тохиолдол бүрийг мэдээлдэг. Хэрэв өөр нутаг дэвсгэрийн харъяалалтай этгээд аль нэг нутаг дэвсгэрт халдварт өвчтэй гэж илэрвэл тухайн дэвсгэр нутгийн эрүүл мэндийн алба нь уг этгээд халдвар анх авсан байж болох үндсэн дэвсгэр нутгийнх нь эрүүл мэндийн албанд мэдээлэх ёстой. Нэн ялангуяа уг илэрсэн халдварт өвчний хавьтлыг илрүүлэх шинжилгээ яаралтай хийх шаардлагатай буюу халдвар нь ус, хүнс зэрэг нийтийн хэрэглээний зүйлээр дамжин тархах аюултай бол ийм мэдээлэл нь өвчний дэгдэлтийг эрт хязгаарлан зогсооход нэн чухал ач холбогдолтой болно. Аливаа өвчин эмгэг голомтлон гарч, олныг хамрах хандлагатай бол заавал мэдээлэх жагсаалтанд ороогүй ч холбогдох албадад нэн даруй мэдэгдэх шаардлагатай. Олон улсын холбогдол бүхий нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг Олон улсын эрүүл мэндийн дүрэм-ийн дагуу мэдээлнэ. Тодорхой халдварт өвчин ажиглалтын тогтоосон хугацаанд гараагүй байгааг мэдээлэхийг тэг мэдээдэл (zero reporting or null reporting) хэмээх бөгөөд энэ нь уг халдвар гараагүй ч тандалт хийсээр байгааг, сэрэмж алдагдаж мартаагүйг илтгэсэн үзүүлэлт болно.
 
ХӨХЛ 18: 736-737