Нярайн B бүлгийн стрептококкт үжил (group b streptococcal sepsis of the newborn) icd-9 771.8; p36.0
В бүлгийн стрептококкийн хүний дэд хэвшинжүүд (S. agalactiae)-ээр үүсгэгдэх өвчин нь нярай хүүхдэд өөр хоорондоо ялгаатай 2 хэлбэрээр явагддаг. Эрт үеийн (1-7 хоногтой) өвчний илрэл нь хэвлийд байхад эсвэл төрөх явцад үжил, хатгалгаа, хааяа менингит, остеомиелит, үжилт артрит маягаар илэрнэ. Хожуу үеийн (7 хоногтойгоос эхлээд хэдэн сар хүртэл) өвчний илрэл нь нийт тохиолдлын тал орчим хувьд нь хүнээс хүнд дамжсан менингит, үжил маягаар тус тус илэрнэ. Дутуу төрсөн нярай хүүхэд нь гүйцэд нярайгаа бодвол В бүлгийн стрептококкт халдварт илүү өртөмтгий гэх боловч стрептококкт халдвараар өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх (75%) нь гүйцэд төрсөн нярай хүүхдүүд байжээ. Нярайн асаргаа сувилгаанд гарсан дэвшилтийн ачаар нас баралтын үзүүлэлт 50%-иас 3% болтлоо буураад байна. Өвчлөөд эдгэрсэн хүүхдүүдэд хэл яриа, сонсгол, харааны согог үүсэх бөгөөд хэрэв халдвар тархины бүрхүүл хальсыг гэмтээсэн бол психомоторный саа, саажил үүсэх магадлалтай. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 10-30% нь В бүлгийн стрептококкийг бэлгийн замдаа тээж явдаг бөгөөд тэдгээрийн 1%-д нь халдварын шинж тэмдэг илэрдэг байна. Үхрийн хөхний үрэвслийн үед ялган авсан В бүлгийн стрептококк уг өвчний шалтгаан болохгүй байсан байна. Өвчнийг сэргийлэх 2 төрлийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.
 
Эрсдэлд суурилсан сэргийлэлтийн үед эрт үеийн өвчин үүсгэгч дараах эрсдэлүүдийн аль нэг нь байгаа бол ургийг хэвлийд байх үед нь химийн сэргийлэлтийг хийнэ. Үүнд: 37 долоо хоногтойгоос бага хугацаанд төрөх, үтрээний хэм 38 хэмээс дээш байх, ургийн хальс ховхорсноос хойш 18 цаг ба түүнээс илүү хугацаа өнгөрөх үед хийнэ. Илрүүлэгт суурилсан сэргийлэлтийн үед 35-37 долоо хоногтой бүх жирэмсэн эмэгтэйчүүдийн үтрээ болон шулуун гэдсэнд В бүлгийн стрептококк байршсан эсэхийг тодорхойлж, нян байршиж байгаа нь тогтоогдсон эмэгтэйг төрөх үед нь антибиотик эмчилгээ хийнэ. Тухайн жирэмслэлтийн явцад В бүлгийн стрептококк бүхий бактерури илэрсэн эмэгтэйчүүд, мөн өмнөх төрөлтөндөө хүүхдэд нь эрт үеийн өвчин үүсч байсан өгүүлэмжтэй эмэгтэйчүүдэд үтрээгээр антибиотикийн сэргийлэлтийг тус тус хийнэ.
 
Илрүүлэгт-суурилсан сэргийлэлтийн стратеги нь эрсдэлдсуурилсан стратегиэс илүү үр дүнтэй байгаа явдал нь үтрээ-шулуун гэдсэнд В бүлгийн стрептококк байгаа эсэхийг тодорхойлох өсгөврийн шинжилгээнд жирэмслэлтийн 35-37 долоо хоногтой эмэгтэйчүүдийг хамруулах замаар (пренаталь) жирэмсний эрт үеийн илрүүлэг хийх нь зүйтэй гэсэн зөвлөмж боловсруулан мөрдөхөд хүргэсэн юм. Шинжилгээгээр В бүлгийн стрептококк тээгч болох нь тодорхойлогдвол төрөх явцад нь болон ургийн хальс ховхрох үед нь хими сэргийлэлт хийх шаардлагатай. Төрөх үед өсгөврийн шинжилгээний хариу нь гараагүй байгаа эмэгтэйд эрсдэлд-суурилсан сэргийлэлтийг өмнө өгүүлсний дагуу хийнэ.
 
В бүлгийн стрептококкийн колонизац бүхий эмэгтэй төрөх үед эсвэл өвчний шинж тэмдэг илрэх үед венийн судсаар пенициллин эсвэл ампициллин тарих нь нярайд халдвар дамжих үйл явцыг таслан зогсоож, өвчлөл эндэгдлийг бууруулдаг. Пенициллин нь харшилгүй хүнд хамгийн зөв сонголт байх болно. В бүлгийн стрептококк илрээгүй боловч пенициллин эсвэл ампициллинд тэсвэртэй болох нь батлагдсан тохиолдлууд бүртгэгдэж байсан байна. Пенициллинд харшилтай эмэгтэйчүүдэд клиндамицин, эритромицин, цефазолиныг хэрэглэж болно.
 
Эмнэлзүйн хувьд үжил байж болзошгүй хэмээн сэжиглэж буй нярайд антибиотик эмчилгээ хийх шаардлагатай байдаг хэдий ч эх нь В бүлгийн стрептококкийн эсрэг хими сэргийлэлтийг үтрээгээр хийлгэж байсан тохиолдолд нярайд антибиотикийн сэргийлэлт удаан хугацаагаар хийхийг тэр бүр зөвлөөд байдаггүй. Халдварт өвчний эсрэг эсрэгбие үүсэх үйл явцыг сайжруулах, жирэмсэн эмэгтэйд зориулсан вакциныг зохион бүтээж байна.
 
ХӨХЛ 18: 10-11