Боом (Anthrax) (Хорт мундас, Хорт хаван, Сибирь яр,Ноос ялгагчийн өвчин, Хог түүгчийн өвчин)
Ихэнхдээ арьс, ховор тохиолдолд ам, залгиур, голт, хоол боловсруулах замыг гэмтээдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин. Боомын арьсны хэлбэрийн үед үүсгэгч орсон газарт эхлээд загатнаж, дараа нь толбо гарч, тэр нь гүвдрүү болж, дараа нь цэврүүтэж, 2-6 хоногийн дотор харлаж боомын хатиг болж хувирдаг. Эргэн тойронд нь дунд зэргийн, эсвэл маш их хэмжээний хаван үүсч, зарим үед тэр нь хоёрдогчоор цэврүүтнэ. Боомын хатиг ямарч өвчингүй байдаг онцлогтой. Хаван буюу хоёрдогч халдварын улмаас өвдөлт үүсдэг ба толгой, гарын сарвуу, шуу өртөх нь илүү байдаг. Гэмтлийг хүний Oрф-той андуурч болно. Парапокс идээт дерматит гэдгийг үз. Нүүр, хүзүүний боомын үед хавангаас болж амьсгалын зам дарагдаж амьсгаа боогдох хүндрэл гарч болно. Эмчлэгдээгүй үед халдвар захын тунгалгийн булчирхай руу тархаж, цусан үжлээр хүндэрч болно.
 
Тархины зөөлөн хальс гэмтэж болно. Эмчилгээ хийгээгүй тохиолдолд боомын арьсны хэлбэрийн үед нас баралт 5-20%, үр дүнтэй эмчилгээ хийвэл нас баралт цөөн. Антибиотик эмчилгээ хийж эхэлсэн ч хэсэг газрын арьсны гэмтлийн өвөрмөц өөрчлөлтүүд хэвээр үргэлжилдэг. Амьсгалын замаар боомын халдвар авсан тохиолдолд шинж тэмдгүүд ховор, өвөрмөц бус байна: халуурах, ядрах, бага зэрэг ханиах, цээжээр өвдөх, амьсгалын дистресс хамшинж, гэрлийн шинжилгээгээр голт тэлсэн, халуурах ба шокийн шинжүүд 3-5 хоног үргэлжилж, удалгүй нас барна. Боомын гэдэсний хэлбэр тохиолдох нь ховор, оношлоход хүнд, хоолны хордлогын дэгдэлтийн үед тохиолдож гэдсийг гэмтээн, халуурах, цусан үжлийн шинжээр илэрч, ихэнхдээ үхэлд хүргэнэ. Ам, залгиурын хэлбэр тохиолдож болно. 
 
Цус, гэмтэл, ялгадасны сорьцыг шууд аргаар полихромт метилен хөхөөр М’Фадиены аргаар будах буюу өсгөвөр шинжилгээ хийнэ. Хулгана, усан гахай, туулайд шинжлэх материалаас тарьж шинжилнэ. Зарим лавлагаа лабораториудад иммун оношилгоо, ФХУ, ПГУ-ын аргуудаар үүсгэгчийг эрт илрүүлэх боломжтой байдаг.
 
ХӨХЛ 18: 58-59