ДЭМБ-аас амны хаалт, эмчилгээ, өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх Ковид-19 халдварын удирдамжид оруулсан нэмэлт өөрчлөлтүүд
ДЭМБ олон нийтийн орчинд амны хаалт зүүх, Ковид-19 халдварын эмчилгээ, эмнэлзүйн менежментийн удирдамжаа шинэчиллээ. Энэ нь хамгийн сүүлийн үеийн нотлох баримт болон тархвар зүйн өөрчлөлтүүдийг тооцоолон, удирдамж боловсруулдаг, бие даасан, олон улсын шинжээчдээс бүрдсэн багуудтай хамтран ажиллаж, энэ төрлийн материалуудыг хянах үйл ажиллагааг тасралтгүй хийдэг.

Амны хаалт нь Ковид-19 халдварын эсрэг гол хэрэгсэл хэвээр байна.

ДЭМБ-аас олон нийтийг өвөрмөц орчин нөхцөлд амны хаалт хэрэглэхийг зөвлөсөөр байгаа бөгөөд энэхүү удирдамжийг шинэчилснээр, Ковид-19 халдвар дэлхий даяар тархалттай байсаар байгаатай холбогдуулан тухайн орон нутгийн халдварын тархварзүйн нөхцөл байдлаас үл хамааран амны хаалт хэрэглэхийг зөвлөж байна. Хэрэв, Ковид-19-ийн халдварт өртсөн, эсвэл халдварыг сэжиглэж байгаа, түүнчлэн, хүнд хэлбэрийн Ковид-19 халдварын эрсдэл өндөртэй болон хөл хөдөлгөөн ихтэй, хаалттай, агааржуулалт муутай газарт байгаа хүмүүст амны хаалт зүүхийг зөвлөж байна. ДЭМБ-ын өмнөх зөвлөмжүүдийг тархварзүйн нөхцөл байдалд үндэслэн гаргаж байсан байна.

Мөн өмнө нь зөвлөж байсанчлан, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн амны хаалт хэрэглэх шаардлагатай тохиолдлууд байгааг сануулсан байна. Ингэхдээ орон нутгийн тархварзүйн хандлага эсвэл эмнэлэгт хэвтэлтийн түвшин, дархлаажуулалтын хамралт, хүн амын дархлааны түвшин, амьдарч буй нөхцөл зэргийг харгалзан үзэх шаардлагатай.

Ковид-19 халдвартай өвчтөнийг тусгаарлах хугацааг багасгасан.

ДЭМБ-аас Ковид-19 халдвартай өвчтөний антигенд суурилсан хурдавчилсан тестийн хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас эрт гарах боломжтой гэж зөвлөж байна.

Шинжилгээ хийхгүйгээр, шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдэд шинж тэмдэг илэрсэн өдрөөс хойш 10 хоног тусгаарлахыг шинэ удирдамжид санал болгож байна. Өмнө нь ДЭМБ-аас өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоногийн дараа, нэмэлтээр шинж тэмдэг арилснаас хойш дор хаяж 3 хоногийн дараа эмнэлгээс гарахыг зөвлөж байсан.

Ковид-19-ын шинжилгээ эерэг гарсан боловч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хүмүүсийн хувьд, өмнө нь 10 хоног тусгаарлаж байсан бол одоо шинжилгээ хийхгүйгээр 5 хоног тусгаарлахыг санал болгож байна.

Ковид-19 халдвартай хүмүүсийг тусгаарлах нь бусдыг халдвар авахаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм. Үүнийг гэртээ эсвэл эмнэлэг, клиник гэх мэт зориулалтын байгууллагуудад хийж болно.

Удирдамж боловсруулах багийн хянаж үзсэн нотолгоогоор шинж тэмдэггүй хүмүүс шинж тэмдэгтэй хүмүүстэй харьцуулахад вирус дамжуулах магадлал бага байгааг харуулсан байна. Хэдийгээр маш бага магадлалтай ч, шинж тэмдэг илэрснээс хойш 5 дахь өдрөө эмнэлгээс гарсан хүмүүс 10 дахь өдрөө эмнэлгээс гарсан хүмүүстэй харьцуулахад 3 дахин илүү халдварлуулах эрсдэлтэй болохыг нотлох баримт харуулж байна.

Ковид-19 халдварын эмчилгээний тойм

ДЭМБ-аас нирматрелвир-ритонавирыг (мөн "Паксловид" брэнд нэрээр танигдсан) хэрэглэх чанд хатуу зөвлөмжийг сунгалаа.

Эмийн "ашиг тустай" болон гаж нөлөөний талаар мэдээлсэн мэдээлэл хомс учраас хүнд хэлбэрийн бус Ковид-19 халдвартай жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд энэхүү эмийг хэрэглэх эсэхээ эмчтэйгээ зөвлөлдөж шийдэх хэрэгтэй.

ДЭМБ-аас нирматрелвир-ритонавирыг 2022 оны 4-р сард анх санал болгосон бөгөөд үүнийг эмнэлэгт хэвтэх өндөр эрсдэлтэй, хөнгөн болон дунд зэргийн Ковид-19 халдвартай өвчтөнд хэрэглэхийг зөвлөж байна. Энэхүү эмийн анхны үйлдвэрлэгч нь 2022 оны 12-р сард ДЭМБ-ын шалгуурыг хангасан байна.

Мөн ДЭМБ-аас сотровимаб ба касиривимаб-имдевимаб гэсэн хоёр эмийн талаарх нотолгоог хянаж үзээд, Ковид-19 халдварыг эмчлэхэд хэрэглэхгүй байх хатуу зөвлөмжийг баримталж байна. Эдгээр моноклональ эсрэгбиеийн эмүүд нь одоогийн орчилд буй вирусийн хувилбаруудын эсрэг идэвхгүй эсвэл идэвх нь буурсан байна.

Одоогоор Ковид-19 халдвартай өвчтөнд зориулсан батлагдсан  эмчилгээний 6 сонголт байгаа бөгөөд гурав нь өндөр эрсдэлтэй хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэхээс сэргийлж, гурав нь хүнд болон маш хүнд өвчтэй хүмүүсийн амь насыг аврах боломжтой байна. Кортикостероидоос бусад эмийн хүртээмж дэлхийн хэмжээнд хангалтгүй хэвээр байна.

Эх үүсвэр:

WHO updates COVID-19 guidelines on masks, treatments and patient care

 

НИЙТЭЛСЭН: 2023-01-24 15:20:04