Улирлын томуугийн В вирус, түүний идэвхжил
Манай улсын хувьд 46 дугаар долоо хоногийн байдлаар томуугийн В вирус орчилд орсон байна. Дэлхий дахинд томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэж байна. Өмнөд болон Төв Америк, Европ, Зүүн болон Өмнөд Азин улс орнуудад томуугийн A(H3N2) вирус давамгайлж байгаа бол Төв Ази, Казахстан зэрэг орнуудад томуугийн В вирус, Африк, Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн A(H3N2) болон В вирус давхар орчилд байна

АНУ-д 2022 оны 46 дугаар долоо хоногийн байдлаар томуугийн вирус сорьцонд эерэг гарах хувь 18.2% байж өмнөх долоо хоногтой харьцуулахад нэмэгдсэн байна. Томуугийн А вирус нийт сорьцны 99.5%, үүнээс А (H1N1) вирус давамгайлж байгаа бол томуугийн В вирус эерэг сорьцны 0.5%-д тодорхойлогдож, B/Victoria дэд хэвшинж давамгайлан тодорхойлогдож байна[1].

Улирлын томуугийн В вирусийн талаарх мэдээлэл:

Улирлын томуугийн В вирус нь амьсгалын замын цочмог халдварт өвчнийг үүсгэх ба томуугийн А вирустай харьцуулахад идэвхжлийн хувьд харьцангуй удаан үргэлжилдэг, өвчлөл, нас баралт өндөртэй байдаг[2].

В вирусийг B/Yamagata болон B/Victoria гэсэн 2 дэд хэвшинжид хуваадаг,  B/Victoria нь B/Yamagata-тай харьцуулахад хувьсан өөрчлөгдөх чадвар өндөртэй байдаг.

Эмнэлзүйн шинж тэмдэгийн хувьд насны бүлэг харгалзахгүй ижил явагддаг хэдий ч бага насны хүүхдэд өндөр халуурдаг бол ахмад настай хүмүүст халуурах, булчингаар өвдөх, хоолой өвдөх, толгой өвдөх, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдэгүүд давамгай илэрдэг байна[3]. Эмнэлзүйн шинж тэмдэг ихэвчлэн 1 долоо хоног үргэжлээд арилах хэдий ч архаг хууч өвчтэй, 65 болон дээш насны хүмүүс, 5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд уушгины хатгаагаар хүндрэх эрсдэлтэй.

B/Victoria дэд хэвшинжийн вирусээр ихэвчлэн 5-15 насны хүүхдүүд өвчилдөг бол  B/Yamagata дэд хэвшинжийн вирус 25 болон түүнээс дээш насны хүмүүс илүү халдварлаж өвчлөл үүсгэдэг байна.

Улирлын томуугийн В вирусээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах хамгийн найдвартай аргын нэг бол улирлын томуугийн вакцинжуулалтанд хамрагдах явдал юм[4].

Мөн олон хүнтэй газраар зорчихгүй байх, амын хаалт зүүх, гараа бохирлогдох бүрт угаах, дулаан хувцаслах, халуун бүлээн шингэн уух, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө тусгаарлах зэрэг энгийн аргуудыг тогтмол хэрэгжүүлэхийг ард иргэддээ зөвлөж байна.



[1] Weekly U.S. Influenza Surveillance Report (FluView). https://www.cdc.gov/flu/weekly/index.htm

[2] Yang, Juan, et al. "Variation in influenza B virus epidemiology by lineage, China." Emerging infectious diseases 24.8 (2018): 1536.

[4] Soldevila, Núria, et al. "Surveillance of influenza B severe hospitalized cases during 10 seasons in Catalonia: Does the lineage make a difference?." Journal of Medical Virology 94.9 (2022): 4417-4424.

 

НИЙТЭЛСЭН: 2022-12-10 09:53:24