Хүний метапневмовируст халдварын тархалтын байдал
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахлын улмаас томуугийн улиралчлалд өөрчлөлт орж, тархварзүйн тандалт, хариу арга хэмжээнд хүндрэл учруулах хандлага ажиглагдаж байна. Улирлын томуугийн A(H3N2), томуу төст амьсгалын замын синцитиаль вирус (АЗСВ), хүний метапневмовирус (ХМПВ) нь 11 дүгээр сараас идэвхжиж, хүн амын дунд дэгдэлт үүсгэн, 2-3 дугаар сард дэгдэлт оргил үедээ хүрч, 4 дүгээр сараас аажмаар буурдаг зүй тогтолтой байдаг.

2021/22 оны томуугийн улиралд томуу, томуу төст вирус нь 3 дугаар сард дэгдэлтийн оргил үед хүрч, өнөөг хүртэл идэвхтэй хэвээр үргэлжилсээр байгаа нь дэлхийн бусад улс орнуудтай ойролцоо түвшинд байна. Жишээлбэл Израйль улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахлын үед 2020 оны 3 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд нийт 3 удаагийн хөл хорио тогтоосон бөгөөд тухайн үед ХМПВ алаг цоог хэлбэрээр бүртгэгдэж байсан байна. Сүүлийн хөл хориог цуцалсны дараа 2021 оны 3 дугаар сараас ХМПВ хүн амын дунд орчилд орж 6 дугаар сард оргил үед хүрсэн нь өмнөх томуугийн улирлуудад ажиглагдаж байгаагүй байна. Судалгаагаар бага насны хүүхдүүд, 60 болон түүнээс дээш насны хүмүүсийн дунд вирусийн эерэг гарах хувь бусад насныхантай харьцуулахад өндөр байсан байна. 2019/21 онд цуглуулсан сорьцонд вирус судлалын шинжилгээгээр ХМПВ-ийн A2b, B1, болон B2 дэд хэвшинж тодорхойлогдсон байна.

Манай улсын хувьд томуу, томуу төст өвчний тархалт 2020/21 оны томуугийн улиралд “Улирал хоорондын түвшин”-д байж, улирлын томуу, АЗСВ, ХМПВ-ууд орчилд ороогүй болХМПВ-ийн шалтгаант вируст халдвар 2021 оны 48 дугаар долоо хоногоос хүн амын дунд тодорхойлогдож, сорьцонд эерэг гарах хувь аажмаар нэмэгдэн, 2022 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар нийт эерэг гарсан сорьцонд 8.6%-ийг эзэлж, 90 гаруй хувь нь 5 хүртэлх насныхны дунд бүртгэгдсэн байна.

Эх үүсвэр:

1. Stein, Michal, et al. "Human Metapneumovirus prevalence during 2019-2021 in Israel is influence by the COVID-19 pandemic." International Journal of Infectious Diseases (2022).

2. Zhu, Runan, et al. "Epidemiological and genetic characteristics of human metapneumovirus in pediatric patients across six consecutive seasons in Beijing, China." International Journal of Infectious Diseases 91 (2020): 137-142.

3. http//www.flu.mn/

НИЙТЭЛСЭН: 2022-06-03 15:30:46