“Эмнэлгийн лабораторийн чанарын гадаад хяналт үнэлгээний дүн” сэдэвт семинар боллоо
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЭМЯ-ны Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, УГТЭ хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ““Эмнэлгийн лабораторийн чанарын гадаад хяналт үнэлгээний дүн” сэдэвт сургалт семинарыг “Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Энэ сургалтын зорилго нь SARS CoV-2 илрүүлэх ПГУ шинжилгээний чанарыг сайжруулах, гематологи-биохимийн шинжилгээний чанар хяналтын тайланг хэлэлцэх жигдрүүлэх асуудалд чиглэсэн юм.

Тус сургалтанд 21 аймгийн лабораторийн мэргэжилтний төлөөлөл, Улаанбаатар хотын 9 дүүрэг, УНТЭ, УХТЭ, АШУҮИС, Үндэсний төвүүд, зарим төрөлжсөн тусгай мэргэжлийн эмнэлгийн лабораторийн 60 гаруй мэргэжилтэн танхимаар, 50 хүн цахим хэлбэрээр нийтдээ 110 мэргэжилтэн оролцлоо.

Сургалтыг нээж ЭМЯ-ны ТЗУГ-ын Судалгаа Төлөвлөлтийн Хэлтсийн дарга АУ-ны доктор Г.Бумдэлгэр үг хэлж цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан КОВИД-19 халдварын эсрэг вакцины дараахи дархлал тогтоцыг саармагжуулдаг эсрэг бие, S-RBD IgG, нийт эсрэг бие (Total Ab)ийн титр гэсэн 3 үзүүлэлтээр судалсан үр дүнгээр илтгэл тавьж сонирхолтой хэлэлцүүлэг хийлээ.

Хөтөлбөрийн дагуу ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач АУ-ны доктор Г.Цогзолмаа “SARS-CoV-2 илрүүлэг ПГУ шинжилгээний гадаад хяналт үнэлгээний дүн, түмээмэл алдаа, засах арга зам” илтгэл тавьж оролцогчид саналаа солилцож дэлгэрэнгүй хэлэлцүүлэг болов. “Монгол улсад цар тахлын дэгдэлт үүсгэн орчилд байгаа SARS CoV-2 омгуудын геномын шинж төрх, хувилбаруудын тархалт”ыг судалсан үр дүнгээс ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн судлаач АУ-ы доктор Ц.Наранзул танилцуулга хийж хувилбарын тандалтанд орон нутгийн лабораториудын үүргийг дурьдаж санал солилцов.

Монгол улсад хэрэглэж байгаа SARS-CoV-2 илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн оношлуурын үнэлгээг 2021 оны 7 дугаар сард ХӨСҮТ-ийн лабораторит түшиглэн хийж 8 төрлийн оношлуурыг хэрэглэж боломжтой дүгнэлт гарсан юм. “SARS-CoV-2 илрүүлэг шинжилгээний түргэвчилсэн оношлуурын үнэлгээний дүн” гэсэн товч мэдээллийг АУ-ы доктор Г.Цогзолмаа танилцууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын мэргэжилтэн Г.Оч “ПГУ илрүүлэг шинжилгээний урвалж, оношлуурын санхүүжилт, бодлого зохицуулалт”-ын талаар мэдээлэл хийж оролцогчид асуулт асууж, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлүүдийн талаар саналаа илэрхийллээ.

Сургалтын үеэр үндэсний хэмжээнд КОВИД-19 илрүүлэг шинжилгээний гадаад чанарын хяналтанд “хангалттай” үнэлгээ авсан лабораториуд батламжаа гардан авав. Сургалт семинарын үдээс хойшхи хуралдаанд “Гематологийн 26 дахь, биохимийн 20 дахь чанарын гадаад үнэлгээний тайлан” -г АУ-ны доктор Г.Наран, Т.Алимаа, ЦССҮТ, А.Дэлгэрмөрөн, Интермед эмнэлгийн лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор, Э.Уранбайгаль(АШУҮИС) нар танилцуулж хэлэлцүүлэг хийлээ

НИЙТЭЛСЭН: 2021-09-14 19:20:48