“КОВИД-19 халдварын илрүүлэг шинжилгээний үндэсний чанарын хяналт үнэлгээ” сэдэвт сургалт боллоо
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ-ны Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “КОВИД-19 халдварын илрүүлэг шинжилгээний үндэсний чанарын хяналт үнэлгээ” сургалт семинарыг зохион байгууллаа. Энэ сургалтын зорилго нь SARS CoV-2 илрүүлэх ПГУ шинжилгээний чанарыг сайжруулах, шинжилгээний үр дүнг үндэсний хэмжээнд жигдрүүлэх асуудалд чиглэсэн юм.

Тус сургалтанд 21 аймгийн лабораторийн мэргэжилтний төлөөлөл, Улаанбаатар хотын 9 дүүрэг, УНТЭ, УХТЭ, АШУҮИС, Үндэсний төвүүд, зарим төрөлжсөн тусгай мэргэжлийн эмнэлгийн лабораторийн мэргэжилтнүүд 60 гаруй хүн оролцлоо.

Хөтөлбөрийн дагуу ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр сургалтыг нээж Монгол улсад КОВИД-19 халдварын тандалт, хариу арга хэмжээ ба одоогийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй илтгэл танилцуулав. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, АУ-ны доктор, дэд профессор Л.Энхсайхан “КОВИД-19 халдварын хариу арга хэмжээ, шинэчлэгдсэн тушаал, журмын танилцуулга”, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор Б.Дармаа “Нийгмийн эрүүл мэндийн лабораторийн чиг үүрэг, лабораторит суурилсан тандалт, оролцогч талуудын ажлын уялдаа”, ДЭМБ-ын түр хугацааны зөвлөх А.Баярзаяа “SARS-CoV-2 илрүүлэг, лабораторийн оношилгооны стратеги, ДЭМБ-ын түр зөвлөмж (2021/06/21) ” сэдэвт илтгэлүүд танилцууллаа. ПГУ шинжилгээний явцад тулгарч буй бэрхшээлүүд, анхаарах асуудал, шийдэл(ярилцлага), Монгол улсад өвчлөл үүсгэж байгаа SARS-CoV-2 вирусийн геномын судалгааны дүн, үүсгэгчийн бүрэн гений дараалал тогтоох тандалт судалгааны үр дүн, SARS-CoV-2 илрүүлэх ПГУ шинжилгээний гадаад хяналт үнэлгээний багц материалыг шинжлэх аргачлал, хариу эргэн мэдээлэх зааврын танилцуулга, УБ хотын дүүргийн лабораториудын үйл ажиллагаанд хийсэн хяналт үнэлгээний дүн, оношлуур урвалжийн зарцуулалт, бүртгэлийн талаар мэдээллүүдийг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач АУ-ы доктор Ц.Наранзул, АУ-ы доктор Г.Цогзолмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын мэргэжилтэн Г.Оч нар хийж оролцогчид харилцан мэдээлэл солилцож идэвхитэй оролцлоо. Сургалтын илтгэлүүдийн илтгэлийн нэр дээр дарж үзнэ үү.

Сургалтын дараа үндэсний хэмжээнд КОВИД-19 илрүүлэг шинжилгээний 42 лабораторит гадаад чанарын хяналт үнэлгээний багц сорьц тараав.

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-08-03 09:04:00