ХӨСҮТ-ӨӨС ЦАХИМ СУРГАЛТЫГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран 2021 оны 01 сарын 07-08-ний өдрүүдэд онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагууд, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн газрын дарга нар, тархвар судлаачид, лабораторийн эмч, мэргэжилтнүүд, өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар болох 250 гаруй хүн оролцлоо. Ур сургалт нь “Ковид-19 халдварын сорьц цуглуулах, тээвэрлэх, халдвар хамгаалал-аюулгүй ажиллагаа, лабораторийн оношилгоо” сэдвийн хүрээнд хийгдсэн бөгөөд нийгмийн эрүүл мэнд болон лабораторийн шинжилгээнд суурилсан тандалтын уялдаа холбоо, КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээний асуудал, шинжилгээний сорьц авах техник, шинжилгээний аргуудын талаар дэлгэрэнгүй илтгэл, танилцуулга хүргэлээ. Үндэсний хэмжээнд молекул биологийн лабораторийн чадамжийг сайжруулж шинэ лабораториудын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан молекул биологийн лабораторийн зохион байгуулалт, молекул биологийн арга (PCR) болон бусад шинжилгээний арга аргачлал, анхаарах зүйлсийн талаар илтгэл, лекц танилцуулсан бөгөөд оролцогчид харилцан мэдээлэл солилцож идэвхитэй оролцлоо. Мөн халдварын сэргийлэлт, эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэн өвчлөлд хийсэн дүгнэлтийн талаар танилцуулга хийж, цаашид анхаарах асуудлаар ярилцлага боллоо.

Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны байршлын онцлогоос хамааран шинжилгээний сорьцыг орон нутаг, алслагдсан дүүргээс тээвэрлэхэд цаг хугацаа болон тээврийн хэрэгслийн асуудал тулгарч байгаа юм. “Аэромонголиа” ХХК, “Монгол шуудан” ХК-ны удирдлагууд оролцож сорьц тээвэрлэх ажилд хамтран ажиллахаа илэрхийлж гэрээний дагуу орон нутгийн сорьцыг саадгүй тээвэрлэхээ илэрхийллээ.

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт PCR шинжилгээний иж бүрэн лаборатори үйл ажиллагаагаа эхлүүлэхээр тоног төхөөрөмжөө хүлээн авч суурилуулан бэлтгэл ажил хангагдаад байна.

Харин аймгуудын хувьд шинээр 14 аймагт молекул биологийн лаборатори байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хүний нөөцийн чадавхийг сайжруулахаар аймаг бүрээс лабораторийн 2 мэргэжилтэн ХӨСҮТ-д ажлын байранд сурч бэлтгэгдсэн. Зарим аймагт тоног төхөөрөмж суурилуулагдан үйл ажиллагаа нь эхэлсэн байна. Одоогийн байдлаар Орхон, Дархан, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймгууд болон Замын-Үүд суманд молекул биологийн лабораториуд тогтвортой ажиллаж байна

НИЙТЭЛСЭН: 2021-01-11 11:01:52