Лабораторийн мэргэжилтнүүдэд зориулсан “ Фермент холбоот эсрэг биеийн урвалд суурилсан Эсийн өсгөвөрт бичил саармагжуулах шинжилгээний арга техник” сургалт боллоо
2019 оны 7-р сарын 22-ноос 8-р сарын 3-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн вирүс судлалын лабораторит томуугийн вирүсийн эсрэгтөрөгчийн хэвшинжийг тодорхойлох эсийн өсгөвөрт бичил саармагжуулах урвалын шинжилгээний арга техник эзэмшүүлэх дадлага сургалт боллоо.

Сургалтанд ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лаборатори, Мал Эмнэлгийн Хүрээлэн, Биологийн Хүрээлэнгээс нийт 11 мэргэжилтэн хамрагдаж, сургагч багшаар Япон улсын Токио хотын Халдварт Өвчний Үндэсний Хүрээлэн (NIID)-гийн судлаач доктор Накамура Казу ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд улирлын томуугийн А(Н3N2) дэд хэвшинжийн вирүсийн хемагглютинины молекул хувьсаж, цус наалдуулах идэвхигүй болсноор уг вирүсийн эсрэгтөрөгчийн шинжийг уламжлалт цус наалдахыг саатуулах урвалаар дүйн тодорхойлоход бэрхшээлтэй болоод байгаа юм. Иймд фермент холбоот эсрэгбиеийн урвалын зарчимд суурилсан эсийн өсгөвөрт бичил саармагжуулах урвал ашиглан цус наалдуулдаггүй шинж чанартай энэ вирүсийн эсрэгтөрөгчийн шинжийг тодорхойлох ДЭМБ-ын зөвлөсөн стандарт аргыг манай оронд хэрэглээ болгохоор зорьж байна.

Мэргэжилтнүүд MDCK, MDCK-SIAT эсийн өсгөвөртэй ажиллаж, онолын мэдлэг болон лабораторийн гардан үйлдлийн ур чадвараа сайжруулахад сургалт маш үр өгөөжтэй байлаа.   


Зураг 1.
Доктор Накамура Казу сургалтанд ашиглагдах MDCK-SIAT эсийн өсгөвөр бэлтгэж байхад


Зураг 2 .
Эсийн өсгөвөрт вирүс халдварлах тунг тодорхойлох лабораторийн дадлага ажлын үеэр


Зураг 3 .
Эсийн өсгөвөрт бичил саармагжуулах урвалын шинжилгээний үр дүнг ELISA уншигчид уншиж байгаа нь


Зураг 4 .
Бичил саармагжуулах урвалын шинжилгээний үр дүнгийн боловсруулалт хийж байгаа нь

 

НИЙТЭЛСЭН: 2019-08-07 18:02:56