"Томуугийн A(H7N9) вирүст халдварын илрүүлэг, хариу арга хэмжээ" салбар хоорондын дасгал сургуулилт
2018 оны 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн баг Өмнөговь аймагт "Томуугийн A (H7N9) вирүст халдварын илрүүлэг, хариу арга хэмжээ" сэдэвт салбар хоорондын дасгал сургуулилалтыг АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв (ӨХСТ)-ийн санхүүжилтээр амжилттай зохион байгуулав.

Сургалтанд АНУ-ын ӨХСТ-өөс боловсруулж, уг вирүст халдвар бүртгэгдээгүй улс орнуудад хэрэглэхийг зөвлөмж болгосон сургалтын материалыг ашиглаж, A (H7N9) вирүст халдварын эпидемиологийн тандалт, эмнэлзүйн менежмент, халдвар хяналт, эрсдлийн үнэлгээ сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, ярилцлага, ширээний дасгал сургуулилт хийлээ. Сургалтанд аймгийн Засаг даргын тамгын газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Мал эмнэлэг, Онцгой байдлын ерөнхий газрын 30 гаруй мэргэжилтнүүд оролцлоо (Зураг 2).

Сургалтын эхний өдөр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам, Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 8 тоот тушаалыг танилцуулж, ХӨСҮТ, Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн мэргэжилтнүүд томуугийн A (H7N9) вирүсийн шинж төрх, шувууны томуугийн A(H7N9) халдварын үед сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, биоаюулгүй ажиллагаа, шувууны томуу өвчний дэлхий дахины болон бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал, шувууны томуу өвчин, тандалт, судалгааны сүүлийн 3 жилийн тойм, шувууны томуугийн HxNy вирүст хүний халдварын тандалт судалгаа, шуурхай хариу арга хэмжээ авах баг, томуугийн А хэвшинжийн шинэ вирүст халдварын эмнэл зүй, оношилгоо, эмчилгээ, эмийн ба эмийн бус сэргийлэлт, эмнэлгийн тусламжинд халдварын сэргийлэлт, хяналт, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж томуугийн шинэ вирүсийн хүний халдвар ба шувууны томуугийн дэгдэлтийн үед орон нутагт тулгарч болох бэрхшээлүүд, шийдвэрлэх арга зам, салбар хоорондын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны талаар ярилцлага өрнүүллээ.

 


Зураг 1. Сургалтыг нээж аймгийн ЭМГ-ийн дарга (зүүн гар талаас) Ц.Өнөржаргал, ХӨСҮТ, ХӨТСА-ны дарга А.Амбасэлмаа, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, ХӨСҮТ, ВСЛ-ийн эрхлэгч Б.Дармаа нар үг хэлэв.

Сургалтын хоёр дахь өдөр оролцогчид 2 бүлэгт хуваагдан A (H7N9) вирүст хүний халдварын тохиолдлын судалгааг ширээний дасгал сургуулилт хэлбэрээр хийж салбар хоорондын мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.


Зураг 2. Сургалтын ороцогсод


Зураг 3. Сургалтанд оролцогсод ярилцлагын үеэр


Зураг 4. ХӨСҮТ-ийн мэргэжилтэн Ж.Нямсүрэн хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах дарааллыг танилцуулж байгаа нь


Зураг 5. Оролцогсод ширээний дасгал сургуулилтын үеэр

НИЙТЭЛСЭН: 2018-03-27 01:45:28