Хүний метапневмовирүсийн онцлог, түүнээс урьдчилан сэргийлэх

Хүний метапневмовирүс нь сөрөг утаслаг РНХ агуулсан, вирүсийн таксоном ангиллаар Paramyxoviridae овогт хамаарах бөгөөд анх 2001 онд Нидерланд улсад илрүүлсэн байна. Бага насны хүүхдүүдэд амьсгалын доод замын эрхтний үрэвсэл үүсгэдгээрээ амьсгалын замын синцитиаль вирүсийн дараа ордог бөгөөд ялангуяа 6-12 сартай нярай хүүхэд уушгины хатгаагаар хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үндсэн шалтгаан болдог байна. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд амьсгалын замын синцитиаль вирүсийн халдвартай тун төстэй.

Тархвар зүй:

Амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 6%-иас 40%-д хүний метапневмовирүс эерэг тодорхойлогддог байна. Уг вирүс нь дэлхийн бүх улс орнуудад тархсан, ялангуяа сэрүүн бүсийн улс орнуудад АЗСВ болон улирлын томуугийн дэгдэлтийн дараагаас хүн амын дунд идэвхтэй эргэлтэнд ордог. Дэлхий дахинд 5 хүртэлх насны бүх хүүхдүүд дор хаяж нэг удаа уг вирүсийн халдварыг авсан байх ба цаашид амьдралынхаа туршид хэдэн ч удаа өвчилж болдог байна. Хүний метапневмовирүс нь амьсгалын дээд замын хөнгөн хэлбэрийн өвчлөлийг үүсгэх хэдий ч дутуу нярай, 65 болон түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүс уушгины хатгаагаар хүндэрч эмнэлэгт хэвтэх өндөр эрсдэлтэй байдаг байна. Халдвар өвчтэй хүнээс эрүүл хүнд шууд буюу агаар дуслын замаар болон шууд бус буюу бохир гар, халдвартай эд зүйлсээр дамжин тархадаг.

Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт:

Одоогоор хүний метапневмовирүсийн эсрэг сонгомол эмчилгээ байхгүй байна. Гэсэн хэдий ч уг вирүсийн халдвар авахаас сэргийлэх аргууд тун энгийн. Үүнд:

1. Ханиалгаж найтаахдаа ам, хамраа дарах: Гарын тохойруугаа найтаах, ханиалгах, хамрын алчуур хэрэглэх гэх мэт;

2. Гараа савандаж угаах: Гараа бохирдох бүрт маш сайн савандаж угаах хэрэгтэй ба дор хаяж 20 секунд угаах хэрэгтэй;

3. Аяга, таваг, халбага, сэрээгээ тусдаа хэрэглэх;

4. Бусадтай үнсэлцэх, гар барихаас аль болох татгалзах;

5. Гэр орон, өрөө тасалгаандаа агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээг байнга хийх, хүүхдийн тоглоомыг тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

НИЙТЭЛСЭН: 2018-02-08 20:04:39