Дэлхий нийтийн Томуугийн Үндэсний Төвүүдийн уулзалт боллоо

Дэлхий нийтийн Томуугийн Үндэсний Төвүүдийн уулзалт, Томуугийн Глобал тандалт, хариу арга хэмжээний тогтолцоо үүсэн байгуулагдсаны 65 жилийн ой 2017 оны 7 дугаар сарын 17-19-нд Швейцарын Женев хотноо болж ДЭМБ-ын 6 бүсийн 98 орны 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Манай улсаас ХӨСҮТ, Томуугийн Үндэсний Төв(ТҮТ)ийг төлөөлж энэ уулзалтанд Томуугийн Үндэсний Нэгжийн дарга А.Бурмаа, Вирүс Судлалын Лабораторийн эрхлэгч Б.Дармаа нар оролцож Монгол улсын томуугийн тандалтын тогтолцооны талаар ханын илтгэл танилцуулсан.

Томуугийн Глобал тандалт, хариу арга хэмжээний тогтолцоо нь 1952 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ 113 орны 143 ТҮТ-ийг оролцуулаад 152 хүрээлэнг нэгтгэсэн сүлжээ лабораторийн үйл ажиллагаанд суурилан томуугийн вирүсийн хувьсал өөрчлөлтийг тогтмол хянаж, ДЭМБ-ын томуугийн лавлагаа 6 төвд мэдээллийг нэгтгэн үнэлж, улирлын томуугийн вакцины омгийг жилд 2 удаа сонгож зөвлөмж болгодог билээ. Энэ уулзалаар Томуугийн Глобал тандалт, хариу арга хэмжээ авах тогтолцооны одоогийн байдал, вакцины омог сонголтонд тулгарч байгаа бэрхшээлүүд шийдэх арга зам, улирлын томуу болон цар тахлын үеийн тандалтын удирдамж, стандартыг сайжруулах асуудлуудыг дэвшүүлэн хэлэцүүллээ. Цар тахлын бэлэн байдлын суурь төлөвлөгөө(PIP), цар тахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийн омог солилцох, вакцин болон бусад бусад өгөөжийг хуваарилах ялангуяа шувууны томуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн хөгжиж байгаа орнууд вакцин, урвалж, эмийн бодис үйлдвэрлэх, худалдан авах чадавхигүй байгааг харгалзан тэдний эрсдэл, хэрэгцээнд нь үндэслэн вакцин, вирүсийн эсрэг эмийн бэлдмэлээр хангахыг эн тэргүүнд тавьж, ийнхүү өгөөж хуваарилах ажлыг эрэмбэлэх асуудлыг хөндөн ярилцав. Улирлын томуу болон цар тахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийг шуурхай илгээх, FluNet, FluID, FLUMART мэдээллийн системд тогтмол мэдээлэх талаар ТҮТ-үүдийн амжилт, туршлага болон бэрхшээл, шийдэх арга замын талаар нээлттэй ярилцлаа.

Лабораторийн шинжилгээний дэвшил хөгжил, вирүс илрүүлэх шинжилгээнийн техник аргачлалын шинэчлэгдсэн хувилбар, үүсгэгчийн хувьсалтай холбогдон гарч ирж байгаа бэрхшээлүүд дээр тогтож ярилцлаа.

Мал амьтны томуугийн тандалт хяналтын стратеги түүний хэрэгжилт, дэлхий нийтийн томуугийн тандалтын стратеги уялдаа хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлгүүд боллоо.

НИЙТЭЛСЭН: 2017-08-21 05:05:48