Өвөр Монголд шувууны томуугийн H7N9 вирүст хүний халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хорооноос шувууны томуугийн H7N9 вирүст халдварын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тохиолдол нь эрэгтэй, Баяннуур аймагт оршин суудаг иргэн юм байна. Одоогоор биеийн байдал тогтвортой байна. Халдварын эх уурхай түүний гэрийн ойролцоох шувууны аж ахуйтай холбоотой байж болзошгүй хэмээн эрүүл мэндийн байгууллагын ажилчид үзэж байна.

Дэлхий дахинд 2013 оны 3 дугаар сараас хойш шувууны томуугийн H7N9 вирүст хүний халдварын 1,512 тохиолдол бүртгэгдээд байна. 2016 оны 10 дугаар сараас хойш халдварын тохиолдол эрс нэмэгдэж, БНХАУ-д 714 тохиолдол бүртгэгдээд байна.

Шувууны томуугийн H7N9 вирүсийн халдвар авсан ихэнх хүмүүс халдвартай шувууны биологийн шингэнээр бохирлогдсон эд зүйлст хүрэлцсэн, амьд шувууны зах болон фермтэй халдвар судлалын хувьд холбоотой байна. Уг шувууны томуугийн вирүс амьтан болон хүрээлэн буй орчны эд юмсаас илэрч байгаа тохиолдолд хүний халдварын тохиолдол цаашид бүртгэгдсээр байх болно хэмээн эрүүл мэндийн байгууллагын ажилчид таамаглаж байна. Нэг эмнэлгийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан маш ойрын тохиолдлуудад халдвар голомтлон гарсан маш цөөхөн тохиолдол байгаа боловч яг одоогийн байдлаар халдвар хүнээс хүнд тогтвортой дамжин тархаж байгаа гэсэн тархвар судлалын болон вирүс судлалын нотолгоо байхгүй байна.

Өөр улс оронд аялж байгаа, аялахаар зэхэж байгаа хүмүүс тухайн улс орныхоо амьд шувууны зах, тэжээвэр шувууны фермээр аль болох зорчихгүй байх, түүнээс зайлсхийх, өвчтэй шувуу, түүний биологийн шингэнээр бохирлогдсон эд зүйлстэй хүрэлцэхгүй байхыг зөвлөж байна. Мөн гараа тогтмол савандаж угаах, хүнсний эрүүл ахуйг дээд зэргээр чандлан сахихыг анхааруулж байна.

Эх үүсвэр: http://outbreaknewstoday.com/china-reports-h7n9-avian-influenza-case-inner-mongolia-autonomous-region-99006/

НИЙТЭЛСЭН: 2017-06-04 21:41:18