Шувууны томуугийн шинэ вирүс Вьетнам улсыг заналхийлж эхэллээ

Вьетнам улсын Эрүүл мэндийн яамны Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхимээс өнгөрсөн 3 дахь өдөр Вьетнам улстай хиллэдэг Хятад улсын Юньань, Гуанши мужуудад шувууны томуугийн A (H7N9) вирүстн халдвар маш эрчимтэй тархаж эхэлсэн тухай мэдээллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага шувууны томуугийн A (H7N9) вирүс шинж төрхөө өөрчлөн бага хоруу чанартайгаас өндөр хоруу чанартай болж хувирсан болохыг хүн болон шувууны фермээс авсан шинжилгээгээр нотолсон байна.

Бага хоруу чанартай шувууны томуугийн A (H7N9) вирүс нь шувуудад шинж тэмдэггүйгээс, хөнгөн хэлбэрийн эмнэлзүйн шинж бүхий өвчлөлийг үүсгэдэг бол өндөр хоруу чанартай вирүс нь бага хоруу чанартай вирүсийг бодоход шувуудын дунд 100-1,000 дахин хурдтай тархах ба шувуудыг олноор нь үхүүлдэг байна.

Одоогийн байдлаар өндөр хоруу чанартай A (H7N9) вирүс хүнээс хүнд тогтвортойгоор дамжин тархаж байгаа нотолгоо байхгүй байна. ДЭМБ-аас томуугийн эмчилгээний схемийг өөрчлөх зөвлөмжийг гаргаагүй байна.

Вьетнам улсын Эрүүл мэндийн яамны Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхимээс эрүүл мэндийн байгууллагын ажилчдад халдварыг хянах, түүнээс сэргийлэх зааварчилгаагаар хангаж, сургалт зохион байгуулсан байна.

Мөн түүхий болон дутуу болгосон эсвэл гарал үүсэл нь тодорхойгүй шувууны мах идэхгүй байхыг иргэдэд зөвлөсөн байна. Хэрэв үхсэн эсвэл өвчтэй шувуутай таарвал холбогдох эрүүл мэндийн байгууллагаруу яаралтай мэдээлэх, халуурах, ханиалгах, цээжээр өвдөх, амьсгалахад саадтай болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагаруу яаралтай хандахыг ард иргэдэд зөвлөлөө.

Эх үүсвэр: http://english.vietnamnet.vn/fms/society/178255/vietnam-threatened-by-new-strain-of-bird-flu.html

НИЙТЭЛСЭН: 2017-05-16 23:43:08