Шувууны томуугийн A (H7N9) вирүстхалдварын хүний өвчлөл – БНХАУ
2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хороо (ЭМГБТХ) - ноос ДЭМБ-д лабораториор баталгаажсан шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын 18 тохиолдлыг нэмж мэдээллээ.

2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хороо (ЭМГБТХ) - ноос ДЭМБ-д лабораториор баталгаажсан шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын 18 тохиолдлыг нэмж мэдээллээ.

Тохиолдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг 2017 оны 4 дүгээр сарын 6-наас 23-ны өдөр эхэлсэн. Нийт тохиолдлын 8 нь эмэгтэй, дундаж нас 58 (4-өөс 74 настай). Бээжин (2), Чунцин (1), Фужиан (1), Гансу (1), Гуандон (2), Хэнань (1), Хунань (1), Зянсу (1), Жилин (1), Шаньдун (2), Сычуань (5) мужуудад халдварын тохиолдлууд бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлуудын 3 нь нас барсан, 14 нь уушгины хатгалгаатай гэж оношлогдсон ба 4 нь маш хүнд, 10 нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна. 17 тохиолдол нь шувууны зах болон фермтэй тархвар судлалын хамааралтай байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр 2013 оны 3 дугаар сараас хойш лабораториор баталгаажсан шувууны нийт томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын 1,439 тохиолдол бүртгэгдээд байна.

Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ

2016 оны 12 дугаар сараас хойш уг вирүст халдварын тохиолдол эрс нэмэгдсэн ба Хятад улсын засгийн газраас үндэсний болон орон нутгийн түвшинд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.Үүнд:

  • Халдварын тохиолдол хамгийн өндөр бүртгэгдэж байгаа өмнөд хэсгийн мужуудад халдварын хяналт, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг бэхжүүлэх, эрсдэлийн үнэлгээг хийх. 4 дүгээр сарын 24-нөөс эхлэн ЭМГБТХ-ноос өмнөд хэсгийн 11 мужуудын холбогдох мэргэжилтнүүдтэй шувууны томуугийн A (H7N9) вирүст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аудио хурлыг тогтмол хийж байна.
  • Шувууны зах болон бүс дамжуулан худалдаж байгаа шувууны худалдааны үйл ажиллагаанд эрүүл ахуйн хяналтыг сайжруулах, нэмэгдүүлэх;
  • Халдварын эх уурхайг тогтоох тандалт судалгааг үргэлжлүүлэх;
  • Шувууны томуугийн A (H7N9) вирүст халдварын хүний тохиолдлыг эрт илрүүлэх, нас баралтыг бууруулах;
  • Олон нийтийн эрсдэлийн үеийн харилцааг сайжруулах;
  • Вирүс судлалын тандалтыг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээ

Шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын 5 дахь давалгаа өмнөх давалгаануудтай харьцуулахад харьцангуй олон тохиолдол бүртгэгдсэн байна. Шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдвар одоогоор дэлхийд шинэ халдваруудын нэг хэвээр байсаар байгаа тул тархвар судлалын нарийвчилсан судалгаа, вирүс судлалын шинжилгээ нь эрсдэлийн үнэлгээг цаг алдахгүй хийх, хариу арга хэмжээг цаг үетэй уялдуулан төлөвлөх, зохион байгуулахад чухал юм.

Шувууны томуугийн A (H7N9) вирүст халдварын хүний өвчлөлийн ихэнхи тохиолдлууд нь халдвартай шувуу, түүний ялгадсаар бохирлогдсон эд зүйлс, амьд шувууны захтай тархвар судлалын холбоотой байсан байна. Уг вирүс хүрээлэн буй орчны эд зүйлсээс илэрч, амьтдын дунд эргэлтэнд байж, амьд шувууны худалдаа үргэлжилж байгаа цагт цаашид хүний халдвар бүртгэгдсээр байх өндөр магадлалтай. Тус вирүст халдварын голомтолсон тохиолдол нэг эмнэлэгт хэвтэж байсан маш ойрын хавьтлуудын дунд гарсан боловч одоогоор хүнээс хүнд халдвар тогтвортой дамжин тархаж байгаа талаар тархвар судлалын болон вирүс судлалын нотолгоо байхгүй байна. Мөн цаашид хүн амын дунд халдвар дамжин тархах эрсдэл бага түвшинд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөлгөө

  • Аялагчид шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн улс орнуудад аялахдаа шувууны фермүүдээр зочлохгүй, шувуу нядалдаг болон тэжээдэг газруудаар явахгүй, амьд шувууны зах дээр худалдаалагдаж буй амьтадтай харьцахгүй, шувууны сангас болон бусад амьтдын ялгадсаар бохирлогдсон эд зүйлстэй хүрэлцэхгүй байх;
  • Гараа байнга савандаж угаах, хүнсний аюулгүй байдлаа маш сайн анхаарах;
  • ДЭМБ-аас энэ үйл явдалтай холбогдуулан аялал, жуулчлал болон худалдааны үйл ажиллагаанд хязгаарлалт тавиагүй;
  • ДЭМБ нь улс орнуудад АЗХХ-ын тандалтаа сайжруулж, ер бусын тохиолдлуудыг сайтар нягтлан үзэж, ОУЭМД (2005)-ийн дагуу хүний өвчлөлийн тохиолдлыг баталгаажуулан мэдээлэх, үндэсний бэлэн байдлыг үргэлжлүүлэн хангаж ажиллах зөвлөмжийг тус тус өгч байна.

Эх үүсвэр: http://www.who.int/csr/don/09-may-2017-ah7n9-china/en/

НИЙТЭЛСЭН: 2017-05-16 23:38:16