Томуугийн А болон В хэвшинжийн вирүсийн талаарх товч мэдээлэл

Томуугийн үүсгэгч:

Томуугийн вирүс нь А, B, C, D гэсэн 4 хэвшинжтэй. Үүнээс А болон В вирүс нь улирлын болон томуугийн цартахлыг үүсгэх чадвартай тул нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан вирүст хамаарагддаг.

Томуугийн А вирүс нь хүн, шувуу, гахай зэрэг олон төрөл зүйлийн амьтдад өргөн тархсан байдаг. Иймээс богино хугацаанд хэвшинжээ өөрчилж, мутацид орох ба А хэвшинжийн вирүс бусад вирүстэй харьцуулахад ихэвчлэн томуугийн цартахлыг үүсгэдэг.

Томуугийн В вирүс нь ихэвчлэн хүнд өвчлөл үүсгэдэг бол С вирүс нь хүнд эмнэлзүйн хөнгөн хэлбэрийн өвчлөлийг үүсгэх хэдий ч голлон нохой, гахайд өвчлөл үүсгэдэг.

Томуугийн D вирүс нь үхэр зэрэг бод маланд өвчлөл үүсгэдэг ба одоогоор хүнд өвчлөл үүсгэдэг эсэх нь тодорхойгүй байна.

Томуугийн А болон В вирүсийн дэд хэвшинжийн тухай

Томуугийн А вирүс нь вирүсийн гадаргуугийн уураг болох hemagglutinin (H) болон neuraminidase (N)-ийн шинж чанараас хамаарч хэд хэдэн төрлийн дэд хэвшинжийг үүсгэж байдаг. Гадаргуугийн уураг hemagglutinin (H) 1-18, neuraminidase (N) 1-11 төрөлтэй бөгөөд энэ нь тухайн вирүсийн нэрийг тодорхойлж өгдөг. Жишээлбэл улирлын томуугийн A(H3N2), А(H1N) вирүс гэх мэт.

Харин томуугийн В вирүс нь дээрх хэлбэрээр ангилагддагүй хэдий ч онцгой шинж чанараасаа хамаарч мөн 2 дэд хэвшинжид хуваагддаг.

Тархалт:  Нийт томуугийн вирүс эерэг сорьцны 75%-ийг А хэвшинжийн вирүс, 25%-ийг нь В вирүс эзэлдэг. Томуугийн улирал ихэвчлэн А вирүсээр эхлэдэг ба В вирүс нь харин улирлын төгсгөлд хүн амын дунд орчилд ордог байна.

Халдвартай үе, халдварлалтын зэрэг: Томуугийн А болон В вирүс нь тархалтын зэрэг өндөр байдаг байна. Халдвартай хүн ханиалгах, найтаалгах, ярихад 1.5-2м-ийн зайнд вирүс халдвартай хүний шүлсний дуслын хамт агаарт цацагдаж, амьсгалын замаар халдварлан тархана. Мөн халдвартай шүлсний болон хамрын шүүрлийн дусал эд зүйлсийн гадаргуу дээр тодорхой хэмжээгээр буух ба түүнд хүрсэн бохир гараараа ам, хамар, нүдэндээ хүрсэн тохиолдолд шууд бус замаар халдвар тархдаг байна.

Томуугийн вирүсийн халдвар авсан хүмүүс эмнэлзүйн шинж тэмдэг эхэлснээс хойшхи 3 хоногт гадаад орчинд вирүсийг хамгийн ихээр ялгаруулж байдаг. Эрүүл насанд хүрэгчдийн хувьд эмнэлзүйн шинж тэмдэг эхлэхээс өмнөх 1 хоног, эхэлснээс хойш ойролцоогоор 5-7 хоногийн хугацаанд вирүсийг гадаад орчинд ялгаруулах боломжтой. Харин дархлаа суларсан бага насны хүүхэд, зарим насанд хүрэгсчдийн хувьд 7-оос илүү хоног ч үргэлжлэх магадлалтай юм.

Эмнэлзүйн шинж тэмдэг вирүс хүний биед нэвтэрч орсноос хойш ойролцоогоор 2 хоног, хамгийн багадаа 1, хамгийн ихдээ 4 хоногийн дараа илэрдэг. Зарим хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг балархай илрэх хэдий ч вирүсийг гадаад орчинд ялгаруулсаар л байдаг.

Эмчилгээ

Вирүсийн эсрэг өвөрмөц эмчилгээг хийх нь чухал. Дархлаа тогтолцоо сайн хүмүүсийн хувьд ойролцоогоор 1 долоо хоногийн дараа халдвар аажимдаа эдгэх хэдий ч зарим хүмүүсийн хувьд 2 хүртэлх долоо хоног үргэлжлэх магадлалтай ба нэг халдвартай хүн дунджаар 1.5 эрүүл хүнд халдварыг тараадаг байна.

Улирлын томуугийн A(H3N2) вирүсийн хувьд бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийн хувьд илүү хүнд өвчлөлийг үүсгэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болгодог. Мөн томуугийн В вирүс нь мөн адил 16 хүртэлх насны хүүхдүүдэд илүү хүнд өвчлөлийг үүсгэдэг байна.

Эрсдэлтэй бүлэг

  1. 5 хүртэлх насны хүүхдүүд, ялангуяа 2 хүртэлх насныхан
  2. 65 болон түүнээс дээш насны хүмүүс
  3. Астамтай
  4. Мэдрэлийн эмгэгтэй
  5. Цус багадалт, цусны эмгэгтэй
  6. Уушгины архаг бөглөрөлт өвчин, уушгины эдийн хатуурал зэрэг архаг өвчинтэй
  7. Чихрийн шижин зэрэг дотоод шүүрлийн булчирхайн эмгэгтэй
  8. Зүрх судасны өвчтэй
  9. Бөөрний өвчтэй
  10. Элэгний өвчтэй
  11. Бодисын солилцооны эмгэгтэй
  12. Таргалалттай
  13. Аспирин эсвэл салицилат агуулсан эмийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа 19-өөс доош насныхан
  14. Дархлаа дутмагшилтай, дархлаа тогтолцооны үйл ажиллагаа алдагдсан
  15. Тархины цус харвалттай
  16. Жирэмсэн эсвэл төрөөд 2 сар хүрээгүй эмэгтэйчүүд
  17. Асрамжийн газарын хүүхэд, өндөр настай болон бусад хүмүүс

Урьдчилан сэргийлэх арга зам

Томуугаас хамгаалах хамгийн сайн арга бол улирлын томуугийн вакцинд хамрагдах боловч сургууль, цэцэрлэг, худалдааны төв, ажлын байр зэрэг аргааржуулалт муутай, олон хүн цугларсан газарт халдвар хурдан тархах боломжтой байдаг байна. Иймд халдвар хамгааллын энгийн арга хэмжээг баримтлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал байдаг. Үүнд:

  1. Хүүхдийн байгууллагын удирдлага, багш, ажилчид, эцэг, эх, асран хамгаалагчидад томуугийн өвчний хор уршиг, түүнээс хэрхэн сэргийлэх арга замын талаар сургалт, сурталчилгаа хийх
  2. Хүүхдийн байгууллага, албан байгууллагын орчинд цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх.
  3. Эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн вакцинд заавал хамруулах.
  4. Томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдлыг сургууль, цэцэрлэг, ажилаас нь 7 хоногийн хугацаанд чөлөөлөх
  5. Халдвартай хүнтэй аль болох 2 метрээс дотогш зайнд харьцахгүй байж, эд зүйлсээ сольж хэрэглэхгүй байх
  6. Хэрэв өөрөө өвчилсөн бол халдвартай үеийг дуусах хүртэлх хугацаанд өөрийг сайн дураар тусгаарлах
  7. Зөв ханиалгаж, найтаах
  8. Гараа тогтмол угаах
  9. Бохир гараар ам, хамар, нүдэнд хүрэхгүй байх
  10. Чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, хүн хамгийн ихээр хүрэлцдэг газрыг цэвэрлэгээнийий бодис, халдваргүйтгэлийн уусмал ашиглан тогтмол цэвэрлэх
  11. Агаар сэлгэлцлийг тогтмол хийх
  12. Ам, хамраа угаах, цэвэрлэх, хоолойг зайлах аргад суралцах
  13. Эмчийн заавраар тохирсон эмчилгээг хийлгэх, дур мэдэн антибиотик уухгүй байх

Оношилгоо

Эмнэлзүйн хувьд халуурах, ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих, хамар битүүрэх, бүх биеэр өвдөх, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, ядрах зэрэг шинж давамгай илэрнэ. Зарим хүмүүсийн хувьд суулгах, бөөлжих зэрэг хоол боловсруулах эрхтний хямрал илэрдэг ба энэ шинж тэмдэг нь бага насны хүүхдүүдэд нийтлэг тохиолддог. Зарим тохиолдолд насанд хүрэгчдийн хувьд халуурахгүй байж болно. Бусад амьсгалын замын халдварт өвчинтэй эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрдэг учраас лабораторын шинжилгээ оношилгоо нь чухал ач холбогдолтой.

Лабораторийн шинжилгээний олон арга байх боловч түргэлвчилсэн тест богино хугацаанд үр дүнг харуулдаг тул өргөн хэрэглэгддэг. Түргэвчилсэн тестийн дүн 10-15 минутад гарах ба хэрэв таны шинжилгээ сөрөг, гэхдээ томуугийн шинж тэмдэгтэй байгаа бол заавал бх-ПГУ шинжилгээг өгөх шаардлагатай. Бх-ПГУ шинжилгээг хамар залгиур эсвэл хоолойн арчдас авч шинжилдэг.

2021/2022 оны томуугийн улирал яагаад анхаарах шаардлагатай бэ?

  1. 2-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн тодорхой хувиас бусад эрсдэлт бүлгийн хүн ам улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаагүй.
  2. 2020/2021 оны томуугийн улиралд улирлын томуугийн А болон В вирүс, бусад хоруу чанар өндөрэй томуу төст вирүс хүн амын дунд орчилд ороогүй.

Эх үүсвэр:

  1. Healthline.com. How Are Influenza A and B Different?. Available from https://www.healthline.com/health/cold-flu/influenza-a-vs-b#vaccine-effectiveness
  2. Cdc.gov. Influenza. Available from: https://www.cdc.gov/flu/prevent/prevention.htm, https://www.cdc.gov/flu/symptoms/testing.htm
НИЙТЭЛСЭН: 2022-04-11 12:22:26