ТОМУУГИЙН ҮНДЭСНИЙ ЗУРГАДУГААР ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ

Томуугийн үндэсний зургадугаар зөвлөлгөөнд оролцогсод бид:

- Монгол улсын Засгийн газар, холбогдох мэргэжлийн албад, ялангуяа эрүүл мэндийн салбарынхны чин сэтгэлийн хичээл зүтгэлийн үрээр томуугийн энэ удаагийн цартахлыг харьцангуй хор хохирол багатай даван туулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж,

- Цартахлын бэлэн байдлыг хангах, цартахлын үеийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд сэтгэл харамгүй тусласан дэмжигч олон улсын байгууллага, гадаадын улс орнуудын Засгийн газарт талархаж буйгаан мэдэгдэж,

- Онцгой байдлын үед шаардагдах эрүүл мэндийн байгууллагуудын нөөцийн асуудал түвшин бүртээ хангалттай болж чадаагүй байгааг тэмдэглэн, дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

1. Энэ цартахлын үед хэрэгжүүлсэн хариу арга хэмжээнүүдийн үр дүн болон цартахлын учруулсан эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирлыг гүнзгийрүүлэн судлаж, цаашид олон хүнийг хамарсан эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхээс сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулахад сургамж болгох,

2. Цартахлын үед илэрсэн амьсгалын дутлын үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн зохион байгуулалт, хүн хүч, төхөөрөмжлөлийн дутууг төлөвлөгөөтэйгээр нөхөн сайжруулах, оновчтой хуваарьлах, багаж төхөөрөмжийн засвар үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх,

3. Томуугийн харуулдан тандалт, цартахлын бэлэн байдлыг хангах талаар бий болсон нөөц бололцоо, дэд бүтцийг улам бэхжүүлж, энэ жишгээр шинээр болон сэргэн тархаж буй бусад халдваруудыг хяналтанд авах сүлжээг сайжруулах,

4. Гамшгийн үеийн мэдээлэл, харилцаа холбоог оновчтой болгон сайжруулах,

5. Томуугийн улирлын вакцин хэрэглэх бодлого боловсруулан хэрэгжүүлж эхлэх,

6. Өндөр хоруу чанартай шинэ омог бий болох гол нөхцөл болсон зэрлэг болон тэжээвэр шувуу, гахай бусад амьтдын сүрэгт орчиж буй томуугийн вирүсийг тандан судлах явдлыг үргэлжлүүлэх.

Томуугийн үндэсний зургадугаар зөвлөлгөөнд оролцогсод, 
Улаанбаатар хот, 2010 оны 10 дугаар сарын 8

 

НИЙТЭЛСЭН: 2010-10-14 00:00:00